АРХАНГАЙ: Э.Батхүү: Миний зургуудаас амьтан, шувуудыг танин мэдэж, хайрлаасай гэж хүсдэг

2024/01/29


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын гэрэл зурагчин Эрдэнэчулууны Батхүүтэй ярилцаж, түүний гэрэл зургийн онцлогийн талаар ярилцлаа. Тэрбээр Эрдэнэмандал суманд төрж өссөн. Өдгөө 30 настай энэ залуу гэрэл зургийг урлагийн бүтээл болгож чаддагаараа бусдаас онцлог юм. 

-Ярилцлагаа өчигдөр хийх байсан ч цас ороод, чи уул руу явах ажилтай болоод хойшиллоо. Уул руу яваад зураг авч чадав уу?
-Тийм ээ. Амьтан, шувуудтайгаа л хөөцөлдлөө. Шинэ цас бол амьтан, шувууны гэрэл зураг авдаг зурагчны хувьд алдаж болохгүй агшин. Нэгдүгээрт, мөр үзнэ. Хоёрдугаарт, нөгөө амьтан чинь шинэ цасны дараа маш гоё үстэй болчихдог. Агаар ч тунгалаг. Зураг дарахад маш гоё өнгө гардаг. Хамгийн тохиромжтой үе юм.
Монголын өвөл урт. Гэхдээ зэрлэг амьтны хувьд маш хурдан болоод өнгөрдөг. 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэл яваад л тухайн амьтны үс онцгүй болчихдог. Тийм учраас зурагт ч онцгүй гардаг.

-Ямар амьтан дурандаа буулгасан бэ?
-Өчигдөр зураггүй ирлээ. Би мийгийн төрлийн амьтан буюу ирвэс, мануул, шилүүс, цоохондойгийн зургийг дарахаар зорьж байна. Одоо бол шилүүстэй хөөцөлдөөд, шинэ цаснаар мөр үзэх гээд яваад байгаа. Нэг амьтны араас хөөцөлдөж байхад ахиад өөр амьтан таардаг. Мөр байж бид нар очих боломжтой. Зун өвс ногоо ургачихаар харагдац муутай. Амьтан таарсан ч модны мөчрийн завсраар харагдах нь тун муу. Өвлийн улиралд өвсөн, махан тэжээлтэн амьтад байгалийнхаа жамаар бүгд хоол эрж, хөдөлгөөнд орчихсон байдаг учраас таарах магадлал нь их болдог.

-Мөр олоод зэрлэг амьтны араас дагах, тэр том дуран аппаратаа аваад уул, хад өөд мацна гэдэг тэвчээр болоод эр зориг л байх даа?
-Өвөл амьтны зураг дарна гэдэг чанга шүү. Өмссөн олон давхар хувцас, гутал дээр нь хүнд дурангууд, аппаратаа үүрнэ. Цасанд гулгаж унасан ч дуран аппаратаа л дээрээ барьж унана шүү дээ. Хааяа унаж эвдэлнэ ээ. Ийм эрсдэлүүд олон. Араатан амьтан дагана гэдэг эргээд маш их эрсдэл дагуулдаг. Өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд яах вэ гэхээр өвлийн зураг авалтад маш сайн бэлдэнэ. Наад зах нь шүдэнз, ганц хутгатай явахад хань болно шүү. Бас амьтнаа маш сайн судалсан байх хэрэгтэй. Жишээ нь шилүүс таарлаа гэхэд өөдөөс дайрахгүйг мэдэж байх ёстой.
Чононы зураг дарахаар гарч байгаа бол хэзээ нь надад эрсдэлтэй, эсхүл бага эрсдэлтэй байх вэ гэдгийг судална. Ороо нь хэзээ ордог, хаагуур явдаг гээд бүхий л зүйлийг байгаа газрынх нь нөхцөл байдалтай нь хамт судална. Чоно хараад араас нь яваад орчихдог. Баахан өлсгөлөн чоно руу орчихвол яах вэ гээд өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх талаас нь бодож төлөвлөх ёстой. Бас цагийн тооцоолол маш чухал. Тэр хүртэл тийм халтиргаа, гулгаа, хад асгатай замаар алхахад ийм хугацаанд алхсан. Буцаад явахад хэр хугацаа орох уу, хэд гээд буцах вэ зэргийгээ тооцоолох ёстой.
-Араатан амьтан таарахад дурангаа шагайж байхдаа л зургаа яаж гоё гаргах, өнөө гэрэл, сүүдрээ бодно биз?
-Тэгэлгүй яахав. Говьд бол тал газар авчихад их боломж бий. Хангай газар тийм зураг дарна гэдэг маш хэцүү. Хангай газрын модтой хэсэг бол уулын ар хэсэг байдаг учраас ихэнхдээ бараан харанхуйдуу байдаг. Ер нь бол тухайн зурагчны сайхан, сэтгэлдээ нийцсэн зураг дарах эсэх нь түүний хөдөлмөр тэгээд аз нь мэдэж байгаа юм даа.

-Чиний зориг, тэвчээр гаргаж, ууланд гарч дарсан зураг хэд орчим байдаг вэ?
-Тоолж байгаагүй юм байна. Шувууны хувьд нэлээн цугларч байгаа. Амьтан цөөхөн. Хэцүү учраас. Амьтны зураг дарахын тулд нэг уулыг судлах шаардлагатай болдог. Тэр амьтан яаж гарч ирэх вэ, өглөө хаагуур гүйх, би хаана нь сууж байх вэ гээд их юм бодож төлөвлөнө. Ер нь бол анчдын арга техникийг холино шүү дээ. 
Амьтны зургийг дарж, баримтжуулна гэдэг бахархалтай шүү. Дарсан зургаас л хойч үе маань ийм амьтан байдаг юм байна гэж харж, хайрлаж, хамгаалах сэдэлтэй болно. Ер нь бол хүн танихгүй мэдэхгүй зүйлээ л устгадаг. Гол нь баримттай эргэн сануулж, таниулах нь чухал. Хүмүүс нэг газар очоод бөөн хог үлдээгээд явдаг. Харин тэр газрыг нь гоёор дараад таниулаад явбал хайрлах сэтгэл төрж, бие биедээ нөлөөлөөд явчихдаг.

-Өвлийн улиралд хаашаа хамгийн хол явж зураг дарсан байна вэ?
-Зураг дарах гэж хол явж болно. Гэхдээ хэцүү гэдгээр нь харвал зүгээр санагддаг. Би Хангайн нуруунаас ирвэсийн зураг олж авах гэж оролдож, Хангай, Цахир сум руу хэд хэд дараалж явж байсан. Ирвэсийн идэш нь янгир. Нэг жил би Цахир сум руу явж, янгирууд дээр очсон. Хүний нүдээр харахад уулс их намхан харагддаг. Мацаж явсаар цуцна. Тэгж явж байгаад баруун талаас чоно гарч ирэнгүүт нь зураг дарчихлаа. Тэр чононууд янгируудыг хөөгөөд явчихлаа. Тэгэхээр нь гэрэл зурагчин хүн чинь их шуналтай. Чононууд яг нэг янгир барьчихлаа, би хоолоо идэжбайгаа чонын зураг дарах юм байна гээд араас нь явсан. Явсаар явсаар чоно ч үгүй, янгир ч үгүй болчихлоо. Буцахдаа буруу замаар буугаад ангал руу буучихсан. Буцаад явах гэхээр миний зүрх, эрч хүч, энерги, бие бялдар гээд бүхий л зүйл маань яг л тулчихсан, явж чаддаггүй дээ. Ангал болохоор дээшээ ч гарахгүй, доошоо ч явж болохгүй яг тулаад гацчихсан. Шөнө ч болчихлоо. Буух цор ганц гарц нь цастай хадаар доошоо гулгаж буух байсан. Тэр үед надад байгаа цүнх, камер гээд бүх юм тээртэй санагдсан. Тэгсэн хэрнээ л бага багаар татаж ойртуулсаар байгаад нэг юм бууж билээ. Ийм эрсдэлүүд их таардаг.Өнгөрсөн намар бугын зурагт явж байгаад буруу амаар буугаад айлын өвөлжөөнд хоночихсон. Өвөл бол ийм юм байхгүй шүү дээ. Явах л хэрэгтэй.
-Архангайд ийм ийм зэрлэг араатан амьтад байдаг гээд таниулахдаа байршлыг нь мэдэгдмээргүй санагддаг?  
-Нутгийн хүмүүс ховор амьтан байгааг мэддэг. Таарвал “Манай нутгийн сайхан хайрхан, манай нутгийн тэр хайрхны тэр садваг явж байна” гээд шүтдэг. Би зэрлэг амьтны зураг дарахдаа аль болох орчныг нь мэдэгдэхгүй, уулын зургийг оруулахгүйгээр дардаг. Нийтлэг таардаг амьтны тухайд хүмүүс мэддэг л байх. Бүр ховор амьтантай таараад зураг дарвал байршлыг нь зөрүүлдэг. Жишээ нь урд авсан бол хойноос, баруун зүгт дасан бол зүүн зүгт гэдэг ч юм уу. Байршил болоод тухайн газрыг нь мэдэгдэхийг хүсдэггүй. Ер нь нэг зурган дээр маш том судалгаа хийх боломжтой.

-Чиний зургуудыг харахад их өвөрмөц. Дээр нь их танин мэдэхгүй шинж чанартай, маш ойроос дарсан зургууд ч байдаг. Юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Гэрэл зургийн ажил бол байгалийн ч байна уу, амьтан шувууных ч байна уу гэдгээс үл хамаарч зохиол заавал гаргана.

-Зохиол оо?
-Тийм. Юу ч хамаагүй аваад байна гэсэн үг биш юм. Энэ жилийн миний төлөвлөгөөг харъя л даа. Нэг уулын зураг дарахын тулд ямар уулыг зорих вэ, хэдэн сард, хэдэн цагт, өглөө, оройн алинд нь очвол зураг гоё гарах вэ, аль өнцгөөс нь дарах вэ, тэр уулаа адуу, мал, хүний алинтай нь авах вэ гээд тухайн зургийн бүтээх, амьд харагдуулах бүхнийг дүрслэн зохионо. Тэгж байж зорино. Бас хангайн амьтныг хангайд нь авбал өгөгдөл зөв болно.
Ер нь бол гэрэл зурагчин хүн зургаараа зөв ойлголт өгөхийн тулд өвөл ямар амьтны зургийг, зун ямар амьтны зургийг дарах вэ гэдгээ хүртэл төлөвлөсөн байх ёстой. Миний зургууд дундаас ахуйн зураг, тэр дундаа адууны зураг түлхүү бий. Адууны зургийг дарахдаа өвөл нь ямар зураг дарах вэ, ямар зүсний адууг оруулах вэ, зун нь ямар зураг дарах вэ гэдгээ бас бодно. Гол зорилго нь энэ бүх нарийн төлөвлөгөө, зохиолоороо хүнд зөв мэдээлэл өгөхийг л хүсэж байгаа юм. Монгол ахуй гээд морьтой хоёр хүний сайхан зураг байлаа гэж бодоход нэг хүн нь саравчтай малгайтай байвал энэ зураг зөв биш болно шүү дээ. Тийм учраас зөв, танин мэдэхүйн шинж чанартай байхын тулд бүх зүйл бүрэн л байх ёстой.Одоо үед хүн болгон л камертай. Хүссэн зургаа дарж байна. Бид тэднээс онцлогтой байхын тулд л судалгааг маш сайн хийж, юуны зургийг хэзээ, яаж дарахаа сайн мэддэг байх хэрэгтэй.

-Зурагчин хүн зургаа дарах процессыг аль улиралд ямар өнгийг, юутай хэрхэн хослуулж, хаанаас нь дарах вэ гэдгийг мэдрэмж гэдэг агуу зүйлтэй хослуулж чадаж байна. Зургуудаас ч харагддаг. Эцсийн бүлэгт чиний зургаас хүн юу олж харахыг хүсдэг вэ?
-Дээр хэлсэнчлэн миний зургуудаас байгаль дэлхий, уул ус, ан амьтан, жигүүртэн, монгол ахуй, соёл уламжлалыг танин мэдээсэй. Тэгээд хайрладаг, хамгаалдаг болоосой гэж хүсдэг. Нөгөө талдаа энэ бүхэн чинь энэ цаг үеийг харуулсан баримт болж үлдэж байгаа юм. Дараагийн зуунд өөрчлөгдсөн байж болно. Тэр үед л энэ зургууд түүхийг харуулж үлдсэн байх болно.-Аймгийн 100 жилийг тохиолдуулан гаргасан фото зургийн үзэсгэлэн болон фото зургийн номыг харж байхад хангай нутгийн сарлагийг онцлон оруулсан байсан?
-Би гэрэл зургийн агшинд их дуртай. Тэр л гоё агшныг дараад үлдэхийг хичээдэг. Сарлагийн хувьд Монголд цөөн суманд байдаг уулын амьтад шүү дээ. Сарлаг байгальтайгаа нийцээд ирэхээр эрч хүчтэй гоё агшнууд гаргадаг. Өндөр уулын бүс газар сарлаг байгаад уул устайгаа нийлж харагдахаараа маш гоё харагддаг. Гэрэл зургийн ажил хүнд шүү дээ. Үүнийхээ ард гарахаараа гоё мэдрэмж авдаг.
-Сарлагийн тэр гоё агшнуудыг авахын тулд дагаж явах уу?

-Зорьж очно. Арваад сарлаг байна гэж бодоод очиход мянган сарлаг байхыг үгүйсгэхгүй. Гэрэл зурагчин явах болгондоо бүтэлтэй зураг дардаггүй юм. Байгалийн зураг тэр дундаа амьтан шувууны зургийг дарна гэдэг бол хөдөлмөрч хүний л ажил юм даа. Яагаад гэхээр жилийн дөрвөн улирлаар нь төлөвлөгөө гаргадаг. Зуны улиралд өглөө унтана гэж байдаггүй. Нар гарахаас өмнө босч хүссэн зургаа дарна. Нар гараад 10, 11 цаг болчихвол зураг дарах боломжгүй. Амьтан ч мөн ялгаагүй. Өглөө л дарж авахгүй бол өдөр униар гарчихаар хэрэггүй болчихно. Цагтай уралдаж байж л сайн зураг гарна даа.

-Хүйтэн, дулааны улиралд хол ойр уул хангайд явахдаа дандаа ганцаараа явдаг уу?
-Ямар чиглэлийн зураг дарахаас шалтгаална. Адуу, шувууны зураг дарах гэж байгаа бол би ганцаараа л явдаг. Байгалийн зурагт бол хань, бүлтэй явж болдог. Нэг зургийн ард асар их зардал гардаг. Хоол хүнс, шатахуун, цаг хугацаа гээд. Цаг хугацаа бол хамгийн үнэ цэнтэй нь юм. Амьтны зураг дарах бол яалтчгүй ганцаараа эсхүл тэр чиглэлийн хүн нь байвал хамт явдаг. Тэгэхгүй бол өнөө зэрлэг амьтнаа үргээчихдэг. Зорьсон зурагтаа ер нь ганцаараа явчихдаг юм.

-Амьтан, шувууны зургаа нийгмийн сүлжээнд оруулахдаа монгол болон олон улсын нэрээр нь оруулдаг. Тэр ном нь чамд бий юу?
-Тийм гарын авлагууд бий. Би өөрөө биологич хүн биш. Биологич хүн бол бүх шувууны зургийг дарж үлдэхийг хичээх байх. Би бол гэрэл зурагчин учраас тоочиглоно. Монгол орныхоо суурин ховор, амьтан, шувууны зургийг дарахыг хичээдэг дээ.
-Архангайд чи зургийг нь дарж үлдээснээр ямар суурин шувууд байна вэ?
-Нэлээд хэд байна шүү. Тоолж байгаагүй ээ. Хайрлууштай суурин шувуу гэвэл хойлог, сойр, хур байна. Хойлог бол өндөр царам газар байдаг. Цагаан ахууна байна. Цагаан ахууна нь цагаан, цэвдгийн гэж ялгарна. Цэвдгийн ахууна нь 3000 метрээс дээш газар нутагладаг. Энэ хэдийгээ л сайн таниулж, хайрлах л үлдээд байна.Манайд нэг аюул бий. Тэр нь энэ хэдэн суурин шувууд бүгд ямар нэг эмчилгээнд явна. Нэг юманд сайн л гээд алаад идчихнэ. Бөөр, зүрх, ходоод нь ийм ч, тийм ч өвчинд сайн гээд л... Үнэхээр анагаахын шинжлэх ухаан хөгжсөн байхад тэр шувууны аль нэг эд эрхтнээр яах вэ дээ. Шаардлагагүй шүү дээ. Дээр үеийнх шигээ идэж ууж байгаа өвс ургамал нь одоо байгаа юу, үгүй юу. Бодох л хэрэгтэй байгаа юм.  

Суурин амьтад эргээд аялал жуулчлалд нөлөөлдөг. Азийн зарим оронд байдаггүй амьтад Монголд байх жишээтэй. Үүнийг үзэх гэж хүмүүс ирж байна. Ялангуяа сойр, хойлог шувууд байна. Монгол орон өөрөө амьтан шувууны гэрэл зурагчдын хувьд аюулгүй бүс орон шүү дээ.

Шувууны гэрэл зурагчныг шувуу өдсөн нь

2023/08/23


Шувууны гэрэл зурагчин хэмээн олонд танигдсан Л.Жаргалсайхан саяхан байрныхаа гадаа хон хэрээтэй тоглож суугаа бичлэгээ Фэйсбүүкт оруулсан билээ. Хэрээ гэдэг бол маш сонор сэрэмжтэй, жирийн бор шувуу, тагтаа шиг “гэр хүн хоёрт ойр байдаг” жигүүртэн биш. Гэтэл тэр шувуу хүнтэй тийнхүү хээвнэг тоглон зугаацаж байгаа нь сонирхол татав. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болж өнгөрсөн “Нүүдэлчин” фестиваль дээр бид Л.Жаргалсайхан гуайтай уулзаж энэ талаар асууж тодруулсан юм.
- Саяхан та нэг хэрээтэй тоглож суугаа бичлэгээ Фэйсбүүкт нийтэлжээ. Энэ яг юу болов?
- Хэд хоногийн өмнө юм. Нэг орой тамхи тариа авах гээд гарч иртэл орцны үүдэнд баахан хүүхдүүд нэг юман дээр шавж байх юм. Дөхөөд хартал нэг хэрээ дунд нь байна. Хүүхдүүд шувууг ихэд сонирхох мөртлөө түүнээсээ айгаад, цочоод, тэгэхээр нөгөө хэрээ нь бас хүүхдүүдээсээ айж үргэж цочоод байх юм. Ер нь хот газрын хүүхдүүд амьтнаас их айдаг болж л дээ. Сонирхуулж хэлэхэд хүн төрөлхтний 98 хувь нь аалзнаас айдаг арахнофобия гэдэг зуршилтай байдаг. Уг нь аалз бол маш гэмгүй амьтан. Хүн амьтан хазаж хайраад байдаг юм байхгүй. Гэтэл бараг хүн бүр түүнээс айдаг. Тэгээд хүүхдүүд хэрээнээс айгаад байхаар би яг л үүнтэй зүйрлэн бодож байлаа. Бас сонирхуулж хэлэхэд энэ ертөнцийн түм гаруй шувууны тал хагас нь бор шувууны багт орж явдаг. Эдгээр таван мянга гаруй зүйлийн шувууны хамгийн том нь хон хэрээ юм. Энэхүү бор шувууны багаас нэлээд олон шувуу хүнийг дагаж, хот сууринд амьдардаг. Бидний сайн мэдэх хээрийн бор шувуу, алтан хараацай гэх мэт хориод шувуу хүнтэй ойр амьдардаг. Харин хон хэрээ бол хүн дагадаггүй, хүнтэй ойртдоггүй шувуу юм. Нөгөө талаар хэрээ маш болгоомжтой, сонор сэрэмжтэй шувуу. 
   Үндсэн яриандаа эргэж ороход би тэр хэрээг хэсэг ажиглаж байгаад бага багаар ойртоод жаахан тал өгөөд, өхөөрдөөд тоглох гээд үзэхгүй юу. Тэгэнгүүт шууд ойртоод найзархаад ирж байгаа юм. Уг нь хүн бол амьтнаас айхгүй байх хэрэгтэй гэж би боддог. Болгоомжлох, зай барих юм бол байлгүй яахав. Шувуутай хүн аятайхан харьцвал шувуу ч бас аятайхан л харьцана. Одоо бол бид байгалиасаа их холдсон байна. Нэг тагтаа нисээд ирэхэд л учиргүй айж цочдог болсон байна. Ер нь хүнд гэмтэй шувуу гэж бараг үгүй. Амьтан хийгээд шувууны талаарх бидний мэдлэг их хомс юм. Би саяын хэрээний бичлэг цахим орчинд тавьсан, бас шувуудын зураг үе үе нийтлээд байдаг нь шувууг хүмүүст таниулах, хүүхдүүдэд ойртуулах гэсэн бяцхан зорилго байдаг юм. Гэрэл зурагчин хүн юмыг аль ч талаас нь харуулж болно шүү дээ. Тийм болохоор шувууг энгийн сайхан талаас нь харуулж хүмүүст хүргэх гэсэн бодол байдаг. Зүгээр сэг зулгааж байгаа Хималайн хажир бүргэд бол хүнд таагүй харагддаг л даа. Өөрөөр бол муухай шувуу гэж байдаггүй. Дахиад л үүнтэй холбоотой өөр юм сонирхуулахад хүн, бич, хэрээ гурвыг ухаантай амьтан гэж үздэг юм байна. Ухаантай гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл тархины хэмжээ бусдаас харьцангуй том гэсэн үг аж. Мөн орон зайн мэдрэмж өндөртэй, хамгийн гол нь дасан зохицох чадвар маш өндөртэй байдаг юм байна. Хүнээс хол, хээрээр амьдардаг хэрээ хот газар аргаа олоод амьдраад байна гэдэг нь дасан зохицох чадвар сайтайнх гэсэн үг.
- Тэр шувуу танай хавиар байнга очдог уу?
- Түүнээс хойш ихэнхдээ бага үдийн алдад манай байрны үүдээр ирдэг болоод байна. Тэгээд намайг гарч орох тоолонд дөхөж ирээд хөөрхөн өдөж чангаагаад байдаг юм. Ойр хавьд үүрлэсэн үү, яасан юм бүү мэд. Нас бие гүйцсэн бололтой харагдсан. Нас бие гүйцсэн хэрээний хоёр далавч хөхөлбөр өнгөтэй байдаг. Уржигдар бас гарч иртэл нөгөөх чинь хүрээд ирэхээр нь өлсөж байгаа байх гэж бодоод буцаж гэртээ ороод жаахан нойтон мах аваачиж өгсөн юм. Над руу дэгдэж ирээд, хөөрхөн тоншиж зулгаагаад, тоглож наадаад байгаа юм. Тэгээд жаахан хамт зугаацаж байгаад зураг дүрсийг нь буулгасан юм. Одоо бас ирсэн л байгаа байх.
- Ойр дотнын хүмүүс тань юу гэх юм?
- Хүмүүс миний нийтэлсэн зургийг хараад, та гэртээ аваад орчихгүй яасан юм бэ гэж их хэлж байна. Тэр огт болохгүй. Хүн бол амьтан тэжээхдээ их хариуцлагатай хандах ёстой. Тэжээж чадахгүй юм бол амьтан аваад хэрэггүй. Хүмүүс сонирхлоороо амьтан тэжээнэ гэж аваад жаахан төвөгтэй санагдангуут гаргаад хаячихдаг. Энэ маш буруу, муухай зүйл. Энэ хэрээг хэн нэгэн хүн тэжээж байгаад гаргаад хаячихсан юм болов уу гэж бодогдоод байгаа юм. Хүний гараас хоол идээд дасчихсан амьтныг шууд гаргаад хаяна гэдэг бол түүнийг үхэлд хүргэнэ л гэсэн үг. Манай зарим найз тэр хэрээг авъя гэж байна лээ. Би бол түүнийг тэжээж чадахгүй. Чадахгүй хүн амьтан зовоох бол ёстой дэмий.
- Та өмнө нь хэрээний зураг их авч байв уу?
- Шувууны гэрэл зургийн дотор оронгийн бор шувуу болон турлиахны зураг их ховор байдаг. Бор шувуу бол айл бүрийн л үүдэнд сууж байдаг шүү дээ. Зургийг нь хүмүүс тоож авдаггүй байхгүй юу. Турлиахыг хүмүүс хэрээнээс ялгадаггүй юм. Хэрээ л гэж хардаг. Хэрээ дотроо хон хэрээ, хар хэрээ, харлаг хэрээ, алагтуу, улаан хошуут гэх мэт байна. Хон хэрээ бол эд нар дотроо биеэр том. Хэрээний зураг надад нэлээд бий.   Эх сурвалж.duuren.life

Себастьян Сальгаду: Матарнууд зургаа авахуулах гэж цөөрмөөсөө инээмсэглэн гарч ирээд...

2022/10/24


-ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНААС ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН БОЛСОН ЭРИЙН ЭГЭЛ БИШ ТҮҮХ-
Гэрэл зургийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх нэгэн эрхмийг Eguur.mn онцолж байна. Өнгөрсөн зууны 60, 70-аад он бол олон шилдэг гэрэл зурагчид уран бүтээлээ ид туурвиж, физикчид энэ салбарт үсрэнгүй хөгжлийг бүтээж байсан түүхэн цаг үе байлаа. Энэ үед амьдралын өвөрмөц, адармаатай түүхтэй нэгэн эр гэрэл зургийн салбарт орж ирсэн нь Себастьян Сальгаду байсан юм.       
ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ ТЭМЦЭГЧ
Себастьян Сальгадугийн Францад цагаачилж гарснаас нь өмнөх амьдрал тун ч бүрхэг. Өөрөө ч “Дарангуйллын жилүүд байсан учраас дүрвэхээс өөр аргагүй байсан юм” гэхээс өөрийг хэлдэггүй.
Ямартай ч түүний амьдралыг гурван үед хувааж болмоор санагддаг. Эхний үе нь эх орон Бразилдаа өнгөрүүлсэн үе.Энэ үед тэрээр Сан Паулугийн Эдийн засгийн их сургууль төгсч, бас Бразилд ноёрхож байсан дэглэмийн эсрэг тэмцсэн байдаг. Эрх баригчдаас дарамт ирж, дүрвэхээс өөрцгүй болсон гэхээр бас ч гэж тэмцэгчид дундаа гайгүй кадр байсан нь харагддаг. Франц рүү дүрвэснээр түүний тэмцэгчийн замнал өндөрлөсөн юм. 
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН
Хүмүүнлэгийн үйлстэн, хүн, байгаль дэлхийг үнэн зүрхнээсээ хайрлагч, энэ хайр нь дарсан кадр бүрээс нь нэвт мэдрэгддэг энэ эр амьдралынхаа хоёрдугаар үед хитман буюу эдийн засгийн алуурчин байсан юм.
Эхнэр Лелигээ дагуулаад Парист дүрвэж ирэхдээ тэрээр дөнгөж 25-тай байжээ. Гэсэн ч эдийн засгийн боловсролдоо түшиглэн Дэлхийн банкинд ажилд орж, тэр үед уул уурхай цэцэглэн хөгжиж асан Африкийн орнуудад томилогдон эдийн засгийг нь “алах” ажиллагаанд биечлэн оролцсон байна.
Тухайн үед колоничлолоос ангижирсан “Хар тив”-д уул уурхай цэцэглэн хөгжиж, иргэд аз жаргалтай ирээдүйдээ итгэн, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн зурвас үе тохиож байв.
Дэлхийн банк гэх мэт “олон улсын” гэсэн нэртэй ч хэрэг дээрээ АНУ тэргүүтэй хэдхэн орны мэдэлд байдаг санхүүгийн байгууллагууд тэр үед Африкт идэвхийлэн ажиллаж, өр ширэнд оруулж байв. Баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн өнөөгийн Африк тивийн дүр зураг тэр үед бүрэлдэж байжээ. Гэвч тэр үед эхнэр Лелияд нь тохиолдсон гэнэтийн уй гашуу, түүнтэй холбогдон гаргасан мэргэжлээ солих гэнэтийн шийдвэр, бас эхнэрийнх нь худалдаж авсан гэрэл зургийн аппарат С.Сальгадугийн амьдралд гурав дахь үеийг авчирсан юм. 
Францад дүрвэж очсоныхоо дараахан эцэг, эх өөд болсон харамсалтай мэдээ авсан Лелия сэтгэл санааны цочролд орж, мэргэжлээ орхижээ. Уг нь тэрээр барилга архитектурын шийдлүүдийг буулгах зорилгоор гэрэл зургийн аппарат худалдаж авсан бөгөөд тэрхүү аппаратыг Лелия биш, нөхөр нь илүү ашиглах болсноор амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж, басхүү алдрын замналынхаа үүдийг тавьсан байдаг.
КОММУНИЗМЫН НҮҮР ЦАРАЙГ ТАНИВ
Үүнээс өмнө коммунист болохыг хүсч, ЗХУ-д суурьшихаар оролдож байсан сонин түүх ч бий. Африкт ажиллаж байхдаа үзсэн баян хоосны ялгаа нь Себастьяны сэтгэлийг эмзэглүүлж, “Би энэ зовсон ард түмнийг илүү дор болгох ажлыг хийж байгаа шүү дээ” гэсэн эмзэглэлийг төрүүлсэн, энэ нь явсаар хүн бүрийг тэгш амьдруулах туйлын зорилго бүхий коммунизмд татагдах шалтгаан болсон ч байж мэдэх юм.
Тэрээр “Генесис” төслийнхөө үзэсгэлэнд гаргахаар 2016 онд ОХУ-д очоод байх үедээ энэ талаар “Лелияд тохиолдсон явдал надад ч хүчтэй нөлөөлсөн. Эдийн засгийн мэргэжил маань таалагдахаа больсон байлаа. Бид хоёр ЗХУ-д суурьшиж, Патрис Лумумбын нэрэмжит олон улсын энхтайвны их сургуульд суралцахыг мөрөөдөх болсон. Уг нь би Парист эдийн засаг, статистикийн мэргэжлээр суралцаж, муугүй боловсрол олсон байсан юм. Тэгээд 1970 онд Прага орж, тэндхийн нэг коммунисттай уулзсан.
Тэр биднийг ЗХУ-д оруулж өгнө гэж амласан байв. Гэвч яг уулзсаныхаа дараа “Та хоёр залуу байна. Коммунист үзэл санааг талархаж байгааг чинь би буруутгахгүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд ЗХУ-д цаашдаа үзэл санаа, үнэт зүйл гэж үгүй болсон. Тэд коммунизм байгуулахаа больсон, эрх баригчид ард түмнийг тогтолцооны ачаар л тогтоон барьж байна. Хэрвээ үнэхээр хүний сайн сайхны төлөө амьдралаа зориулахыг хүсээд байгаа юм бол энд үлдэж, дүрвэгсэдтэй ажилла” хэмээн анхныхаасаа огт өөр зүйл ярьж билээ.
Хэрвээ тэр үед миний хүсэл биелсэн бол би өдийд жирийн нэг орос өвгөн байх байсан биз. Чехээс буцаж ирээд Лелия архитектурын чиглэлээр суралцах болж, барилгуудын зургийг авах зорилгоор гэрэл зургийн аппарат худалдаж авсан юм. Тэгэхэд л би анх удаа гартаа аппарат барьж үзсэн. Одоо ч сайн санаж байна. “Пентакс” гээд жижигхэн аппарат байсан. Тэгээд эгзэгтэй агшин ангуучилсан эхний хэдэн хоромдоо л  үүнийг ашиглаад амьдралаа өөрчлөх боломжтойг ойлгосон юм.
Гэрэл зураг намайг бүрэн эзэмдэж, хоёр жилийн дараа гэхэд мэргэжлийн зурагчин болсон доо” хэмээн ярьсан байдаг. Энэ бол 1970 он байлаа.  
ГЭРЭЛ ЗУРАГТ ОРЖ ОРГИЛД НЬ ХҮРЭВ
Гэрэл зурагчны ажлын гараагаа тэрээр сурвалжлагчаар эхэлжээ. Хэвлэлийнхнийг “Хөлөөрөө хоолоо олж иддэг” гэж ярьдаг. Себастьян ч энэ жишгээр уйгагүй хөдөлмөрлөж, хэвлэлийн цаг наргүй ажилд зүтгэхийнхээ хажуугаар 1986 онд АНУ-ын “Оны шилдэг гэрэл зурагчин” шагналыг өөрт нь авчирсан “Бусад америкчууд” хэмээх цомгийнхоо зургуудыг авч байв. Салбартаа ч хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн хамгийн нэр хүндтэй агентлаг болох “Магнум фото”-гоос урилга авчээ.
Тэрээр “Магнум фото”-гийн шилдгүүдийн нэг болж, 1994 он хүртэл ажилласан юм. 1994 он гараад эхнэртэйгээ хамтран Парист “Amazonas Images” агентлагаа нээжээ.
Түүний гэрэл зургуудаас хүн төрөлхтний өмнө тулгамдсан зовлон бэрхшээл, шийдлээ хүлээж буй асуудлуудыг олж харах болно. Бүтээлээ зөвхөн хар, цагаанаар буулгадаг нь энэ санааг нь улам жинтэй болгож буй мэт санагддаг.
“Үзэсгэлэнд минь орж ирсэн хүн гарахдаа орж ирснээсээ өөрчлөгдсөн байгаасай гэж хүсдэг”, “Дундаж хүн бусдад эд материалын тусламж үзүүлж, асуудлыг нь шийдэж чадахгүй л дээ. Гэвч бусад хүн ямар амьдралаар амьдарч, нийгэмд, дэлхий ертөнцөд юу өрнөж байгааг олж мэдсэнээрээ тэрхүү асуудлыг шийдэхэд маш том нөлөө үзүүлэх чадвартай” гэсэн түүний үгэнд ажлынх нь утга учир, тэгтлээ хүсээд, хийгээд яваа зүйлсийнх нь шалтгаан бүхэлдээ оршиж байх шиг санагдана.
Тийм ээ. Тэр ертөнцийн хязгаарт ч бядан хүрч, хүн төрөлхтөнд хэн байсан бэ, цаашид яах ёстой вэ гэдгийг сануулсаар явна.
1986 онд гарсан анхны цомог “Бусад Америк” Өмнөд Америкийн ядуу ард иргэдийн аж байдлыг харуулдаг бол мөн онд үзэгчдийн хүртээл болсон “Сахель: Зовлонд унасан хүн” үзэсгэлэнгээрээ Хойд Африкт болсон ган гачиг ард түмнийг хэрхэн үгүйрүүлэн хоосруулсныг дэлхий нийтэд харуулсан юм. 
1986-192 он хүртэл дэлхийн олон орноор явж, “Ажилчид” хэмээх цомгийнхоо зургийг авчээ. 1993 оноос дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж, 2000 онд “Дүрвэлт ба хүүхдүүд” хэмээх алдартай цомог, үзэсгэлэнгээ гаргасан байна.
Үзэсгэлэнгийнхээ танилцуулганд тэрээр “Хүн төрөлхтний арьсны өнгө нэг юм гэсэн бодол өмнө нь надад орж ирж байгаагүй ээ. Гэхдээ, хэдий арьсны өнгө, шашин соёлын хувьд ялгаатай ч авах мэдрэмж, хариу үйлдэл нь адилхан юм. Хүмүүс дайнаас зугтах гэж, үхлээс аврагдах гэж, амьдралаа сайжруулах гэж шинэ газар орныг зорьдог ч улам их зовлонг амсч байгаа нь харамсалтай” хэмээн бичиж байв. Түүний бүтээлүүд үзэгчдэд бүхэлдээ шударга бус байдал, дайн, хүчирхийлэл, баян хоосны ялгааг харуулж, энэ сөрөг явлыг үгүй болгох шийдлийг өөрийн эрхгүй эрэлхийлэх сэдэл төрүүлдгээрээ гайхалтай юм.
МАТАРНУУД ЗУРАГАА АВАХУУЛАХ ГЭЖ ЦӨӨРМӨӨС ИНЭЭМСЭГЛЭН ГАРЧ ИРЭЭД...
Өнгөрсөн хугацаанд Себастьян Сальгаду нэр алдарт хүрч, НҮБ-ын Хүүхдийн сан, Дүрвэгсдийн комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт олон байгууллагатай нягт хамтран ажиллаж иржээ. Өөрсдөө ч зүгээр суудаггүй. Гэргий Лелия Ваник Сальгаду нь нөхрийнхөө үзэсгэлэнг зохион байгуулахынхаа хажуугаар төрөлх Минайс Жерайс муждаа ядуучуудын амьжиргааг сайжруулах төсөл хэрэгжүүлдэг. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд Дауны өвчтэй бага хүү нь эдүгээ эцгээ даган гэрэл зураг авах урлагийн нууцыг нээж яваа аж. Сүүлийн жилүүдэд тэрээр сурсан дадсан нийгмийн сэвдээсээ хөндийрч, байгалийн зураг авах болжээ.
Хэн ч олж үзээгүй газрыг хүн төрөлхтөнд нээх хүсэлдээ хөтлөгдөн эхлүүлсэн “Женесис” төслийнхөө хүрээнд дэлхийн 100 гаруй улсад очиж, хамгийн нууцлаг газар орноор нь явж зураг авсан хөдөлмөрийг нь бодохоор үнэлэхгүй байхын аргагүй.
Түүнээс байгалийн зураг авах болсон талаар нь нэгэн сэтгүүлч “Та өмнө нь хүмүүсийн зураг авдаг байсан. Тэд таныг юу хийж байгааг ойлгож, дуран руу харж, тэр ч байтугай байрлал авч өгдөг ч байсан байж магадгүй. Гэтэл одоо та амьтдын зургийг авч байна. Тэд зургаа авахуулахдаа хүн шиг дуртай байдаггүй байлгүй” гэхэд “Хүнийг хамгийн ухаантай амьтан гэдэг ч амьтад ч дутахгүй ухаантай шүү. Үнэхээр хүсэх юм бол оюун ухаанаараа харилцаа тогтоож болно. Бразилд нэг удаа матарнуудын зургийг авахад тэд цөөрмөөсөө инээмсэглэн гарч ирээд ажлыг минь хийлгэсэн юм шүү. Үнэн үг. Тэд миний юу хийж байгааг төгс ойлгосон” хэмээн итгэлтэй ярьж байв. Тэрээр хийж буй ажилдаа маш итгэлтэй ханддаг нь энэ үгнээс мэдрэгдэж байгаа биз ээ.   
20 ЖИЛД 2 000 000 МОД...
2018 онд дэлхий дээр 12 сая га халуун орны ой модыг тайрч устгажээ. Цаг хугацаагаар яривал минут тутамд хөлбөмбөгийн 30 талбайтай тэнцэх ойг хүн төрөлхтөн устгаж байгаа гэсэн үг. Талбайн хэмжээгээр Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцэх ойг нэг жилд үгүй хийсэн байна.
Манай өгүүллийн гол баатар арвин баялаг намтрын төдий сонирхолтой биш боловч магадгүй хамгийн ариун үйл нь энэ ч байж мэднэ, тэрээр эхнэрийн хамт сүүлийн 20 жилд  2 000 000 гаруй мод тавьж ургуулсан юм. Байгаль эхийн төлөөх санаа зовинол, экологийн сүйрэл бодитой гэдгийг бусдаас илүү мэдэрсэн хүн л ингэж тууштай ажиллаж чадах биз.
Түүний тухай өгүүлсэн “Газрын давс” киноны өмнөтгөлд “Түүний зүрх хүмүүсийн төлөө өвдөж байна... Хүмүүс газрын давс юм...” хэмээн өгүүлсэн нь чухамхүү нүдийг нь олж хэлсэн гэлтэй. С.Сальгаду ер нь байнга л эх дэлхийнхээ төлөө, хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээж, уран бүтээлээ ирээдүйн сайн сайхны зүгт чиглүүлдэг билээ.   
С.Сальгаду Руандагаас эх нутагтаа буцаж ирээд 1994 онд болсон аймшигт геноцидыг хүн төрөлхтөнд харуулах шинэ цомог дээрээ ажиллаж байх үедээ “Газрын хүрээлэн” (The Instituto Terra) ТББ-аа байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллахдаа дээр өгүүлсэн амжилтад хүрчээ. Эхнэр Лелия нь анх санаачилга гаргаж, мань хүн дуун дээр дэмжсэн гэдэг юм.    
НЭГ НАСАНД ХЭД АМЬДАРЧ БОЛДГИЙГ С.САЛЬГАДУ ХАРУУЛСАН
Амьдрал баян. Хэн ч юу ч болж өсч болно. С.Сальгаду хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа эцэг нь нэгэнтээ хүүдээ “Чи өнөөдөр Парист амьдардаг, дэлхийд алдартай гэрэл зурагчин болжээ. Гэхдээ тэр нэгэн цагт би фермээ худалдаж хилийн дээс алхуулаагүй бол чи өнөөдөр хэн байх байсан бэ” хэмээн хатуу үг хэлж байсан тухай дурсаад “Амьдрал сонголт ихтэй. Би Парист эдийн засгийн ухаанаар эрдмийн зэрэг горилж байсан.
Дэлхийн банкны шугамаар Вашингтонд шилжиж ажиллах санал авч байлаа. ЗХУ-д ч амьдрах магадлал байсан. Гэвч би өөр замаар явсан. Гэхдээ л энэ бүхэн бүгд л надад хэрэг болсон. Зэрэг горилохын тулд хэд, хэдэн шинжлэх ухаан судалж, коммунизм, Лениний онолыг ч заалгасан. Дэлхийн өнцөг булан бүрт очиж зураг аваад явахад энэ мэдлэг маань хэрэг болдог.
Би одоо шавь нартаа хэлдэг юм. “Туршлага сайн хуримтлуул” гэж. 22 нас сонголт хийхэд балчирдах нас шүү” хэмээн захисан байдаг билээ.
Зарим нэгний хувьд бүх нас нь ч багадахаар адал явдалтай, амжилттай амьдралыг үзэж өнгөрүүлсэн хойноо дахин сонголт хийж, амжилтад хүрсэн түүний түүх давтагдашгүй билээ.   
НЭРИЙН ХУУДАС:
Себастъян Рибейру Сальгаду. Бразилийн гэрэл зурагчин, сурвалжлагч. “Amazonas Images” агентлагийг эхнэр Лелия Ваник Сальгадугийн хамтаар үүсгэн байгуулсан.
1979-1994 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй агентлаг “Magnum Photo”-д ажиллаж байв.
Гэрэл зурагчны хувиар олон шагнал хүртсэний дотор Олон улсын гэрэл зургийн төв (International Center of Photography, Нью-Йорк)-ийн “Оны шилдэг зурагчин”-аар хоёронтаа тодорчээ. 2001 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болсон. АНУ-ын Шинжлэх ухаан, урлагийн академийн хүндэт гишүүн Их Британийн Эзэн хааны гэрэл зургийн нийгэмлэгийн 100 жилийн ойн медалиар шагнуулсан. 
Вим Вандерс түүний бүтээлүүдээр “Газрын давс” нэртэй баримтат киног 2014 онд бүтээжээ.      
С.САЛЬГАДУГИЙН ГАРГАСАН ҮЗЭСГЭЛЭН, ЦОМГУУД
  • ·         Other Americas (1977-1986)
  • ·         Sahel: l’homme en détresse (1986)
  • ·         Sahel: el fin del camino (1988)
  • ·         An Uncertain Grace (1992)
  • ·         La Main de l’Homme (1993)
  • ·         Workers (1993)
  • ·         Terra (1997)
  • ·         Migrations and Portraits (2000)
  • ·         The Children: Refugees and Migrants (2000)
  • ·         L’homme et l’eau (2005)
  • ·         Africa (2007)
  • ·         Genesis (2013)

Гишүүнчлэл

2020/03/26


Хэрхэн гишүүнчлэлд бүртгүүлэх вэ?

МГЗНХ-ын гишүүээр элсэх нь гэрэл зурагчин, гэрэл зураг сонирохогч хэн бүхэнд нээлттэй.
Гишүүнчлэлийн анкет бөглөж гишүүнчлэлийн хураамжаа тушааснаар бүртгэлд хамрагдана.
Та "Чөлөөт", "Үндсэн", "Хүндэт  гишүүнээр элсэх боломжтой.
Гишүүн болсоноор ямар эрх эдлэх вэ? Хүснэгттэй танилцана ууАнкет татаж авах. 


Top